Saturday, June 27, 2009

Тэд тэнгэрээс унаагүй

Тэнэмэл хүүхдүүд Монголд
Тэнгэрээс унав гэж үү
Тив алгассан ганзгынхан
Тэвэрч дүүрч ирэв үү
Гадаа хөлдүү гудамжинд
Галт тэрэгний зогсоолд
Орон сууцны хонгилд
Орц шатны буланд
Аав ээжийн энэрэл дутсан
Энэ хүүхдүүд Монголын үрс
Эрхт төрөөс халамж нэхсэн
Энэ багачууд Чингисийн удам
Тэнэмэл хүүхдүүд
Тэнгэрээс унаагүй
Далайн чанадаас
Дайгдаж ирээгүй
Тэд бидний
Ядуурлын хөрснөөс ургасан
Хавар салхинд дэлбээгээ
Гөвж мэдэх цэцэгс
Ирээдүй хойч үе минь гэж
Ичихгүй худал яриад яана
Харааны шилээ зүүгээд
Хамар доорхоо харахсан
Хамуу хорхойд баригдсан
Халтар жаалд туслахсан
Уусан сархадныхаа лонхонд
Ус дүүргээд өгөөчээ
Ууч сэтгэл байвал та
Сүү аягалж хайрлаач ээ
Тэнэмэл гүйлгачин жаалууд
Тэртээ тэргүй та бидний
Хаалга үүдийг тогшин
Хайр халамж горьдоно
Гэртээ оруулахгүй хөөвөл
Гомдоод тэд явчихна
Гэвч хөөрхий тэд буцаад
Горьдлого тасрахгүй ирнэ.
Дахиад халгаахгүй буцаавал
Далай гатлан одно
Том болж ухаажаад
Тооцоо хийхээр ирнэ
Хүнлэг энэрэнгүй нийгэм
Байгуулах гэснээ мартсан уу
Хүүхдээ золбируулж байж
Байгуулж болдог юмуу?
Хоёр саяулаа Монголчууд
Хэрмэл тэнэмэл болох уу
Үрээ гаргуунд нь хаявал
Үйлс заяа минь харлана
Төрөх мөхөх орчилд
Төрийн минь сүлд хазайна
Энэрэл хайр дутсан
Энэ багачууд биднийх шүү
Төр засагт гар тоссон
Тэр жаалууд Монголынх шүү
Хорвоо дахинаар гуйланчилж
Хог ухаж явах уу?
Тэд ингэж асууна,
Тэр цаг холгүй.

2 comments:

  1. Энэ шүлгийг надад хэн нэгэн хүн өгч байсан санагдана. Харин хэн гэдгийг нь би санахгүй байгаа юм. Олон жилийн өмнө боловч хэн өгснийг нь мэдэх гэж би хадгалсаар байгаа...

    ReplyDelete
  2. very touching. planning to support them by my "Gegeen Uils" activities of GGN NGO

    ReplyDelete