Sunday, July 5, 2009

Цэвэр усны нөөц - бараа мөн үү?

Одоо дэлхийн хэд хэдэн газар буй усны хомсдолоос шалтгаалсан зөрчил дэлхий нийтийн хүн амын өсөлтийг дагаад ихэсч байгаа усны хэрэглээ хомсдол зэрэг нь үнээс шалтгаалан зөрчилдөөн үүсэх бололцоотойг бидэнд харуулж байна. Үүнтэй холбоотой нэгэн гол асуудал нь юу байна вэ гэхээр “голын уруу” болон “голын өөд” байгаа улс үндэстнүүдийн хоорондын өрсөлдөөнтэй заргууд юм. “Голын уруу” улс аль болох илүү их “устай байх эрхийг эдлэх” гэж оролдож байгаа ч харин “голын өөд” улсууд аль болох усны нөөцөө өөрийн нутаг дэвсгэрт хадгалах сонирхолтой байна. Өнөөдөр олон бүс нутагт усны нөөц хангалтгүй байгаа ба ирээдүйд энэ хомсдол улам даамжирч ялангуяа нэгээс илүү улсын нутгаар урсан өнгөрдөг голуудын усны төлөөх улс үндэстэн хоорондын хурцадмал байдал бий болох шинжтэй.


Мөн.

Бидний худалдан авч, зарж борлуулж бараа гэж үздэг газрын тос, байгалын хий зэрэг шиг ус санаандгүй тэгш хуваарлалтгүй дэлхий дээр оршин байдаг. Нэгэнт олон улс үндэстэн газар зүйн таатай орчинд байгаагаараа газрын тос, байгалийн хийг зарж борлуулдаг шиг бид усны нөөцөө ашиглан эдийн засагтай хувь нэмэр болох гэж байгаа улсуудыг зөвтгөж болох юм. Усыг үнэ цэнэтэй гүйлгээтэй бараа гэж үзэхгүй байх нь харин ч байгаль орчиныг хайрлах ухамсаргүй нийгмийг хайр гамгүй усны хэрэглээрүү хөтлөнө.


Биш.

Ус бол дэлхий дээр санаандгүй сохроор тохиолдох хамгийн амин чухал амьд оршиход зайлшгүй шаардлагатай байгалын баялагийн нэг юм. Иймээс усаар баян орнууд энэ давуу байдлаа ашиглан ашиг олох ёс суртахууны эрх тэдэнд байхгүй. Энэ гариг дээр байгаа бүх амьд амьтан энэ дэлхийн оршин суугчид урсаж байгаа усыг улс төрийн ямар ч хил хязгааргүйгээр ижил тэгш хүртэх устай байх эрхтэй.

Мөн.

Усны хяналт удирдлага, усжуулалтын систем, далан, ус хадгалах сан зэргийн ашиглалт зэрэгт зарцуулагдах маш их хэмжээний мөнгийг “голын өөд” улс өөрийн төсвөөс гаргах хэрэгтэй болдог. Энэ бүх зардал, дээрээс нь нэмээд ус хадгалах цөөрөм, далан зэргийг барьж байгуулсан үржил шимтэй газрын боломжит төлбөр зэргийг нэгэнт тухайн голын усны гол хэрэглэгчид нь “голын урсгал дагуу” улсын иргэд тул тэд гаргах хэрэгтэй юм. Жишээ нь: “голын өөд” байгаа улс хэзээ ч тухайн урсгалын эсрэг усан цахилгаан станц барьж хямд цахилгаан үйлдвэрлэж өөрсдийн зардлыг тэнцвэржүүлэх бололцоогүй зэрэг нь усны менежмент шударга бус байгааг харуулж байна.


Биш.

Усыг усны системийн ашиглалтаас илүүтэйгээр үнэлэх явдал нь ёс суртахуунгүй үзэгдэл юм. Ус бол зарим тохиолдолд л бараа гэж тооцогддог. Ус хадгалах сан багтаамжийнхаа хэмжээгээр усаа аваад сан дүүрэхэд чөлөөтэй даланг даван урсдаг. Тэгэхээр дүүрээд давж урсаж эхэлэхдээ ус маань бараа гэж тооцогдохгүй болж байгаа юм. Далан нь хэрэв нурвал “урсгал дагуу” улс усанд автаж ихээхэн хэмжээний хохирол учруулах боломжтойгоороо аюултай.

Мөн.

Усны нөөц нь тэнцвэргүй хувиарлагдсан байдаг. Тэнцвэргүй хувиарлалт, үрэлгэн хэрэглээ зэрэг нь “Усаа худалдаж авах” гэсэн хандлагын танилцуулгыг зөвтгөж байна. “Урсгал дагуу” хагас цөлжсөн үржил шимгүй газрыг усжуулснаас “урсгал өөд” улс нь усаа илүү үр нөлөөтэй хэрэглэсэн нь шударга гэж үү?

Биш.

Усны хомсдол, ган гачигт нэрвэгдэх зэргээс шалтгаалан улс үндэстэн усны нөөцөө хянах байдалд хүрч болох юм. Гэвч усыг “БАРАА” мэт үзэх нь ирээдүйд олон зөрчилдөөн үүсгэх шалтгаан болох боломжтой тул аль болох энэ байдлаас зайласхийх хэрэгтэй.

Wednesday, July 1, 2009

Эмэгтэй хүний тухай бодлууд

Жирийн нэгэн ажилын өдөр, ажил тараад дөнгөж гарч иртэл хажуу талын байрны үүдэнд гурван ч эрэгтэй хүн нэг эмэгтэйг зодож байгаа харагдав. Сандарсандаа би буцан ажлынхаа ахад болж байгаа явдлыг яриад туслахыг хүслээ. Биднийг тэдэн рүү ойртон очиход гурвуулаа нэг эмэгтэйг зодож байгаа биш, харин эмэгтэйн нөхөр согтуу ирэн эхнэрээ зодоход ах нар нь дүүг минь зодлоо гэж нөхрийг нь зоджээ. Гэтэл нөгөө хүүхэн дундуур нь ороод л өөрөө зодуулаад байгаа бололтой. Ажилын ах бид 2 сандарсандаа “Та нар болиоч, цагдаа дуудлаа” гэхэд нөгөө хүүхэн “тэгээрэй, цагдаа дуудаарай, хүн аллаа” гэв. Бид цагдаа руу залгаж байтал хоёр ах нь нөхрийг нь зодохоо болиод яваад өгөв. Гэтэл нөгөө согтуу нөхөр ах нарыг нь явав уу үгүй юу нөгөө хүүхнийг хэд хэд цохиод авав. Бид хоёр “чи битгий эмэгтэй хүн зодоод байгаач цагдаа дуудлаа шүү” гэтэл нөгөө хүүхэн битгий цагдаа дуудаач гуйж байна гэв. Бид хоёрыг цагдаа дуудах нь гэж айсан гэр бүлийн хоёр яаран орц руугаа оров. Тэр эмэгтэйд ах нар нь цагдаад очих хамаагүй ч харин нөхөр нь цагдаа дээр очих ёсгүй байсан бололтой. Яагаад зодуулаад л нөхөртэйгөө байгаад байгаагын учирыг би олсонгүй. Энэ явдал хэдэн өдөр санаанаас гарахгүй намайг зовоов. “Эмэгтэй хүн” энэ яг ямар хүн юм бэ, яаж амьдрах ёстой юм, эмэгтэй хүнийг ямар олон конвенци хөтөлбөр, төслүүдээр энэ бүхнээс хамгаалах гэж нэг хэсэг нь тэмцээд байхад “эмэгтэй хүн” чи яагаад ингээд амьдраад байнаа, юу нь өөрчилөгдөх хэрэгтэй вэ, гэж өөрийн эрхгүй бодогдов. Ингээд асуултууддаа хариулт олохоор гэрлүүгээ алхав.

Монгол улс 1924, 1940, 1960 онуудад батлан гаргасан Үндсэн хуулиудад эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг баталгаажуулсан ч олон ургальч үзлийг үл хүлээн зөвшөөрч байжээ. Харин 1992 оны Үндсэн хуульд хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд тохируулан иргэдийг үзэл бодол, хүйс, шашин шүтлэг, гэр бүлийн байдал зэрэг бусад зүйлээр үл ялгаварлан иргэний эрх, эрх чөлөөг гэр бүл, нийгмийн бүх хүрээнд эдлүүлэхээр зааж тунхаглажээ. Түүнчилэн Монгол улс “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай 1979 оны конвенци”-д 1981 онд нэгдэн оржээ. Энэ бүхнээс харвал Монгол улсын хувьд эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийн байдлыг албан ёсоор хангалттай баталгаажуулсан мэт боловч харамсалтай нь уламжлал, ёс заншил, соёлоор дамжин шийдвэр гаргагчид, олон нийт тэгш бус ханддаг бодит байдал байсаар байгаа нь тодорхой болов.

Хорин таван нас хүрээд хүнтэй суугаагүй байгаа эмэгтэй хүнийг ойр тойрных нь хэдэн хувь нь хүнтэй сууж хүүхэд гаргаач гэж сэтгэл зүйн дарамтанд оруулдаг гэж санана. Телевиз зар сурталчилгааны хэдэн хувь нь загварын охидуудаар сурталчилгаагаа хийгээд түүний улмаас залуу охидуудын хэдэн хувь нь ид өсөлтийн насан дээрээ туранхай л бол гоё гэж андууран эрүүл мэндээрээ хохирч, эсрэгээрээ тарган хүүхнүүд сэтгэл санааны дарамтанд орж мөн л турах гэж элдэв эм тан хэрэглэн мөн эрүүл мэндээрээ хохирч байна вэ? Хариулт нь хэдэн хувь гэдгийг судалсан судалгаа харамсалтай нь монголд алга.

Бизнетворк хэмээх монголын бизнесийн салбарт ажиллаж сурч бизнес эрхэлж буй хүмүүст зориулсан сайтад “эмэгтэй хүн ямар байвал дээр” талаар нэлээд хэдэн хэлэлцүүлгүүд ихэнхдээ залуу эмэгтэйчүүдийн дунд өрнөжээ. Гэтэл ахиад л нэгэн харамсалтай дүгнэлтэнд хүрэв. Тэдний үзэж байгаагаар эмэгтэй хүн нөхөртэй халамжтай, хүүхдүүддээ энэрэлтэй, тэгээд нөхөр ажилын амжилт хоёрынхоо алийг сонгох вэ гэвэл мэдээж нөхөр буюу эмэгтэй хүний амьдрал нөхөртөө зориулагдах хэрэгтэй гэдгийг ихэнх нь дэмжжээ. Энэ бүхнийг зохицуулж сурах нь бас эмэгтэй хүний ажил. Дүгнээд хэлвэл “Сураад завсараар нь хүүхдээ төрүүлж өсгөөд тэгэнгээ нөхрөө халамжлаад бас хэдэн ч хүүхэд гаргасан тарган болохгүй хагас өлсгөлөн байдлаар амьдраад, нөхөр чинь чамайг хуурсан ч уучилж өршөөж, эмэгтэй хүний зөөлөн ууч сэтгэл гаргаад, нөхрийгөө амжилттай амьдрах бүх талаар нь дэмжлэг болж амьдрах” ёстой гэнэ. Энэ бол эмэгтэй хүний үүрэг. Ингэж чадахгүй бол чи арчаагүй, доожоогүй эмэгтэй. Аль нэгнийх нь баланс алдагдахад хүртэл ахиад л “эмэгтэй хүн” чи л буруутай. Долоо хоногт гурван удаа шоудчихвал л бараг “барчин” “шоучин” нэр зүүчихнэ. Гарахгүй бол “зожиг” аргагүй нөхөрт гарахгүй байгаа нь гэж нийтээрээ ярилцана. Гадаад хүнтэй суучихвал янхан, жоохон өндөрхөн албан тушаалд хүрэхэд хүртэл хүмүүсийн эхний бодол хэзээ ч мэдлэг чадвараараа энэ хүн өндөрлөгт хүрлээ гэж бодохгүй. Ингэж бодож байтал их сургуульд болж байсан явдал санаанд оров.

Нэгэн нэлээд нэр хүндтэй багш маань бид нарт “эмэгтэй хүн ном эрдэм гэж байхаар өөрийгөө гоёж гоодоод, сайн нөхөртэй л болох хэрэгтэй, та нар залуу насаа дэмий үрж байна” гэж хэлж байж билээ. Гэтэл сургууль төгсөх баярын уулзалт дээр сургуулийн дэд захирал маань “эрэгтэй эмэгтэй хүмүүст хийх ёстой гурав гурван ажил байдаг.

Эр хүний хийх ёстой ажилууд гэвэл:

1. Байшин барих

2. Мод тарих

3. Ном бичих

Харин эмэгтэй хүнийх бол:

1. Нөхөрт гарах

2. Цэцэг тарих

3. Хүүхэд төрүүлэх” гэж хэлж байж билээ. МУИС-н хуулийн сургуулийг төгсөх хүртлээ хүндэлж 5 жилээ өнгөрөөсөн багш нар нь ийм зүйл хэлж байхад яалтай ч билээ гэж аргагүй бодогдож билээ.

Яахын аргагүй “Монгол эмэгтэй хүн” чи ямар өрөвдмөөр эсвэл азгүй вэ гэж бодогдов. Зодуулсан ч нөхөртэйгөө амьдраад байгаа хүүхнээс урган гарсан асуултуудынхаа хариултыг би олох шиг болов. Тэр бол “эмэгтэй хүмүүсийн талаархи нийтлэг бодол”. Дээр дурьдаж байсанчлан хичнээн Монгол улсын нэгдэн орсон “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай 1979 оны конвенци”-н 5-р зүйлийн а-д “Аль нэг хүйсийн дутуу эсвэл давуутайд үзэх буюу эрэгтэй эмэгтэйчүүдийн үүргийн талаар хэвшсэн үзэл санаанд дулдуйдсан атгаг сэжиг, ёс зуршил болон бусад бүх практикийг устгах зорилгоор эрэгтэй эмэгтэйчүүдийн зан төлөвийн хувьд нийгэм соёлын хэв ёсыг өөрчлөх” гэсэн заалт манай улсад бодит амьдрал дээр хэрэгжээгүй 30 жил болчихоод багаа нь илэрхий байв.

Бодлууд үргэлжилсээр... би юу хийх ёстой вэ? Харамсаад өрөвдөөд дуугуй өнгөрөх үү?, танидаг мэддэг бүх хүмүүст ингэж болохгүй гэж хэлэх үү? Хэлээд миний үгэнд итгэх үү? Яавал олонхин шиг залуу охидуудад өөр амьдрах, өөрийгөө хайрлах тухай ойлгуулах вэ?

Юуны өмнө “эмэгтэй хүн” гэдэг нийгэмд байсаар байгаа энэ буруу зураглалыг арилгах хэрэгтэй санагдав.

· Зурагтаар туранхай биш, эрүүл байх нь чухал гэдгийг зөв тайлбарласан реклам сурталчилгаа гаргая.

· Мэдлэг боловсролоороо өндөрлөгт гарсан байгаа залуу эмэгтэйчүүдийг сурталчилая.

· Гэр бүлийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүргүүдийг зөвөөр дүрслэн үзүүлэе.

· Хүүхдийн ном зохиол дээрх шулмас, мангас ихэнхдээ эмэгтэй хүний хөхтэй дүрслэгддэг сөрөг дүрүүдэд дүн шинжилгээ хийж зурганд нь хязгаарлалтуудыг тавия.

· Хөөрхөн сайхнаас илүүтэй ухаантай мэдлэг боловсролтой эмэгтэй хүн сайхан харагддаг талаар залуу охидуудад ойлголтыг багаас нь гэр бүлээр нь дамжуулан хэвшүүлэе.

· Олон эмэгтэйчүүдийг эрчүүдийн бий болгочихоод байгаа нийгэмд шийдвэр гаргах түвшинд гаргая, тэгэж байж өөр байдаг гэдгийг хүмүүст ойлгуулая, үзүүлэе.

Бодлууд үргэлжилсээр...

Хэрвээ тэр эмэгтэй эрэгтэй хүнд зодуулах гэж амьдраагүй гэдгээ ойлгодог байсан бол, зар сурталчилгаа, хэвлэл нийтлэл, кино зэрэгт туранхай л хүүхэн хөөрхөн гэж байнга үзүүлдэггүйсэн бол, хүний хэдтэйдээ хүнтэй сууж хүүхэд гаргах нь тухайн хүний өөрийн сонголтын асуудал гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг байсан бол, багш нар маань эмэгтэй хүн байсан бол, Монгол улс нэгдэж орсон конвенцоо биелүүлэх тал дээр илүүхэн шиг зүйл хийсэн бол энэ бүхэн өөр байж болох байсан шиг санагдав.

Бодлууд үргэлжилсээр...

Saturday, June 27, 2009

Тэд тэнгэрээс унаагүй

Тэнэмэл хүүхдүүд Монголд
Тэнгэрээс унав гэж үү
Тив алгассан ганзгынхан
Тэвэрч дүүрч ирэв үү
Гадаа хөлдүү гудамжинд
Галт тэрэгний зогсоолд
Орон сууцны хонгилд
Орц шатны буланд
Аав ээжийн энэрэл дутсан
Энэ хүүхдүүд Монголын үрс
Эрхт төрөөс халамж нэхсэн
Энэ багачууд Чингисийн удам
Тэнэмэл хүүхдүүд
Тэнгэрээс унаагүй
Далайн чанадаас
Дайгдаж ирээгүй
Тэд бидний
Ядуурлын хөрснөөс ургасан
Хавар салхинд дэлбээгээ
Гөвж мэдэх цэцэгс
Ирээдүй хойч үе минь гэж
Ичихгүй худал яриад яана
Харааны шилээ зүүгээд
Хамар доорхоо харахсан
Хамуу хорхойд баригдсан
Халтар жаалд туслахсан
Уусан сархадныхаа лонхонд
Ус дүүргээд өгөөчээ
Ууч сэтгэл байвал та
Сүү аягалж хайрлаач ээ
Тэнэмэл гүйлгачин жаалууд
Тэртээ тэргүй та бидний
Хаалга үүдийг тогшин
Хайр халамж горьдоно
Гэртээ оруулахгүй хөөвөл
Гомдоод тэд явчихна
Гэвч хөөрхий тэд буцаад
Горьдлого тасрахгүй ирнэ.
Дахиад халгаахгүй буцаавал
Далай гатлан одно
Том болж ухаажаад
Тооцоо хийхээр ирнэ
Хүнлэг энэрэнгүй нийгэм
Байгуулах гэснээ мартсан уу
Хүүхдээ золбируулж байж
Байгуулж болдог юмуу?
Хоёр саяулаа Монголчууд
Хэрмэл тэнэмэл болох уу
Үрээ гаргуунд нь хаявал
Үйлс заяа минь харлана
Төрөх мөхөх орчилд
Төрийн минь сүлд хазайна
Энэрэл хайр дутсан
Энэ багачууд биднийх шүү
Төр засагт гар тоссон
Тэр жаалууд Монголынх шүү
Хорвоо дахинаар гуйланчилж
Хог ухаж явах уу?
Тэд ингэж асууна,
Тэр цаг холгүй.

Monday, June 8, 2009

Suddenly


Гэв гэнэтхэн шуурга шуурч бас гэв гэнэтхэн нар гардаг шиг

Бичгийн машин дээр бүжиглэнхэн байсан хуруунууд минь гэнэтхэн гацаж

Гэнэтхэн л би хэдэн мянган жилээр хөгширсөн

Юу ч болоогүй байхад нулимс минь огшиж

Юу ч болоогүй байхад асгартал бороо орсон

Уйлах гэж байсан сэтгэл минь тайтгарч

Урт удаанаар түүнийг би санасан

Хэзээ ч хараагүй, хэзээ ч учраагүй

Хэзээ ч учрахгүй ч байж мэдэх түүнийг

Ганцхан удаа мэдрэхсэн.

Trying to exist

Өөрийгөө хүнээс үхтлээ харамлах

Өөрийгөө зөвхөн өөртөө л зориулах

Өөрийн бодлоо өөртэйгөө л хуваалцах

Өвдөж шаналсан ч, баярлаж хөөрсөн ч , чив чимээгүй- Зөвхөн бичих


Бүх зүйл өнгөрчихсөн болохоор “Байсан” гэж бичих

Байгаа зүйлс хэзээ нэгэн цагт “Байсан” л болох

Гэвч зарим нэг зүйл, зарим дурсамж, зарим хүн хүртэл

“Байсан” гэж дурсагддаггүй нь “Хатуу өөдгүй хорвоо”

Right now "I'm a Flower"



Яг одоо би “Цэцэг”

Чи миний навчинд жоохон ширүүхэн хүрэхэд би үхэж

Чи миний дэлбээнд уруулаа хүргэх төдийд би амилна

Энхрий, зөөлөн , булбарай энэ бүх үг зөвхөн надад зориулагдаж,

Ертөнц дээрх бүх ганц зүйлийг чи намайг гэж бодоорой

“Ганц”, ганцхан л бүхэн

Сар, Нар, Ганцхан ширхэг шаргал навч...

Simple history of love

Би чамд хайртай, би чамайг мартахгүй гэж би 3 жил шаналсан

Би чамайг үзэн ядаж байна, би чамаас сайхан амьдрана гэж 3 сар хорссон

Харин үлдэх амьдралаа хэн нэгэнд өгөхөө 3хан минутанд шийдчихсэн атлаа

Хэн нэгэнд дахин итгэж болох эсэхээ

30 жил тунгааж л сууна.

Тийм болохоор “Чи надад өртэй”

Зарим нэгэн үгс

Чиний нүдний хэлэх олон үгийг ойлгох гээд

Удаахан шиг харчихсан чинь

Чиний нүдний утга чихэнд минь хоногшчихоод

Гарахыг хүсэхгүй намайг зовоожээ.


Юу гээч Хүн гуай

Би өдөр ирэх тусам

Уусч байна.

Хүмүүсийн дунд...


Навчис унахад ахиад л

Ширхэг бүрийнх нь сайхныг гайхан

Шиврээ бороонд ганцаар алхахнээ.



Ямар ч хүсэлгүй бичих гэж бичсэн шүлэг ямар ч амтгүй

Харин сэтгэлийн гүнээс гарсан тэр шүлэг

Тэр шүлэг миний танихгүй хүнийх



Чихэнд урсан орно

Урууланд гашуун амтагдана

Хацар даган урсана,

Тэр нулимс...


Чи явчихжээ,

Алс холын нутаг луу

Явчихсан зүгрүү чинь би хараад

Чиний тухай бодно...

Fall in love with myself

Өөрөөс минь өөр хэн ч анзаараамгүй

Тэр ихэмсэг даруухан нүдэндээ

Өөрөөс минь өөр хэн ч мэдэхгүй

Тэр хор шартай, зоригтой аашиндаа

Хэн ч ялгаж танихын аргагүй

Сүнс мэт цагаан арьсандаа

Мөнхөд хүйт даачихсан байдаг тэр

Хүв хүйтэн гарандаа

Хэнээс ч илүү дурлачихаад

Хэдэн мянган жил амьдарчихсан хана цааз мэт л хөшиж орхисон

Хувцасны минь цаана буй гоо үзэсгэлэн...

Үүний тухай бичиж ч чадашгүй нь.


Making new


Үрсээр байтал Үрсээр байтал, би алга болчих юм шиг

Өөрийгөө зүлгэн зүлгэн би шүршүүрт зогсоно

Зүлгэж байтал үрчлээ минь арилчихлаа

Зүлгэж байтал хөх минь ч алга болчихлоо

Тэр нэгэн өдөр намрын модод дунд бодлогоширон сууж байсан шигээ.... 15 нас

Зүлгэсээр байтал би яг 15 болчихлоо

Шүршүүрт урсах зовлон гуниг, амьдрал минь

Урссаар урссаар хайр минь ч надаас урсан одов,

Ингээд л урсчих байсан бол олон жил юунд намайг шаналгав?

Гомдоож байсан, гомдож байсан миний хэлтэрхий "хүмүүс минь"

Шүршүүрээс гарахад бүх амьдрал минь “Шив шинэ”

The reason i'm living

Шөнөжин мөрөөдөнө

Өдөржин амьдрана

Мөрөөдсөөр байгаа болохоор би амьдарч байна.

Мөрөөдөл минь байгаа болохоор

Би уншсаар, нойр хүрсэн ч

Би сонссоор, уур хүрэвч

Би тэвчсээр, доромжлуулсан ч

Би амьдарсаар байна.

Аав минь, ээж минь

Намрын навч, зуны бороо, атаархаж үхмээр модод...

Тэд бүхэн байгаа болохоор

Би амьдарсаар байна.

Уурлаж, уучилж, хайрлаж, дурлаж

Өдөр бүхэн үхэж

Өглөө болгон дахин амилсаар

Өглөөний тэр гэгээг ахин нэг харахын тулд

Хүйтэн, сэрүүн, цэнгэгхэн, тэр ширхэг агаарыг

Ахиж ганцхан үнэрлэхийн тулд

Инээмсэглэн сахилгагүйтэх тэр хүүг

Ахиж нэг төсөөлөхийн тулд

Би амьдарсаар байна.

Thursday, June 4, 2009

Митроны буудал дээрээс төрсөн бодол

Ноднин жилийн 12 сарын сүүлч. Америкт байх ёстой хугацаа минь ч дуусч байлаа. Яах аргагүй ирээд хэдэн сар болсон болохоор буцаад явахад өглөө болгон сургуульруу явдаг байсан замаа санах ч юм шиг. Тэгээд л ахиад нэг тойроод алхаадхая гэж бодон гэрээсээ гарав. Митроны буудлын ойролцоо өглөө болгон тараадаг Митро-Ньюс сонин тараасаар митроны 2 ажилтан зогсоно. Сонин аван хартал хамгийн нүүр хуудсан дээр нэгэн өнгөт арьстан залуугийн том зураг, аль нэгэн мэдэхгүй газрын танихгүй хүн, ямар нэг жигшүүрт гэмт хэрэг үйлдээд баригджээ. Яг энэ үед миний хажуухан талаас: “Хүүе ээ хараачээ, энэ цагаачид ч манай улсыг нурааж байна даа. Тэд зүгээр л хаанаас ирсэн тэр газар руугаа явж болдоггүй л юм байх даа” хэмээн нэгэн хижээл насны хатагтай нөгөөгөөсөө асуув. Нөгөө хатагтай зөвшөөрөн толгой дохингоо Тэд энд ирж бидний талхнаас булаацалдаж, бидний ажлын байрыг булаагаад зогсохгүй мөн элдэв гэмт хэрэг хийсэн хүн болгон л ер нь цагаач иргэд байх юм. Бидний үр хүүхэд ажилгүй байгаа нь тэдний л буруу хэмээн ярилцав. Хэсэхэн зуур тэдний яриаг сонсож байхдаа би өөрийн мэдэлгүй тэднээс зайгаа барин зогсжээ. Санамсарүй зогсож байгаад бөөн үзэн ядалт дунд очихсон мэт санагдан ер нь яагаад энэ сайхан хувцасласан, магадгүй сайхан машин унаж үнэтэй сүрчиг түрхдэг энэ 2 хижээл насны хатагтай нар цагаачдад ингэтлээ их дургүйцдэг байнаа гэж бодов. Хичнээн асуучихмаар санагдсан ч би ч бас тэдний нүдэнд бас л нэгэн цагаач харагдана байх даа гэж бодон болив. Тэгээд ч нээрээ тэд хангалттай л уурлаж байгаа шалтгаанаа хэлчихсэн юм байна даа. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа нь зовж байгаа. Жил болгон олноороо Америкт орж ирдэг цагаачид хэзээ нэгэн цагт тэднийг орлодог болох вий, өөрсдийнх нь олон жил хөдөлмөрлөж бий болгосон үндэсний соёл, уламжлал энэ бүгд алга болчих вий гэж тэд эмээж байгаа.

Судалгаанаас харахад буурай орноос ирсэн цагаач иргэдийн эхний үе шинэ үнэт зүйл үнэлэмж, орчин зэргийг өөртөө тусгаж авч чадахгүй байлаа гэхэд тэдний үр хүүхэд буюу 2-дох үе ихэнхийг нь авч хүмүүждэг. Цэцэрлэг бага сургууль, ахлах сургууль, коллеж гээд л тэд яг л хөгжилтэй орны нэгэн иргэн адил л өсөж торнидог. Гэтэл дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь өдөрт 2 хүрэхгүй долларын орлоготой ядуу буурай амьдардаг юм байжээ. Үүнээс үзэхэд дэлхийн өнцөг булан бүрээс сайхан амьдрахын тулд хүмүүс хөгжилтэй гэгддэг цөөхөн улсуудруугаа явбал үй олон хүн жоохон газар нутаг дээр бөөгнөрөн амдрах нь. Ингээд бодсон чинь тэр 2 хатагтайн уурлаад байгаа нь аргагүй ч юм шиг.

Иймэрхүү бодолд автан гудамжаар алхаж байтал хаанаас ч юм нэг сайхан аялгуу.. танил ая болоод л сайхан санагдаж л дээ. Кристал сити-н нэгэн жижигхэн дэлгүүрээс Монгол аялгуу сонсогдож байх юм. Би өөрийн эрхгүй тэр дэлгүүр лүү явж оров. Дэлгүүрт 40 эргэм насны Монгол ах ажилладаг юм байна. Монгол аялгуу сонсон орж ирснээ хэлэн хэсэг ярьж суув. Амеркад ирээд 9 жил болжээ. Эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг, тэр ах уг нь Орост их сургууль төгссөн инженер хүн юм байна. Эхнэр нь харин хүүхдийн эмч мэргэжилтэй. Харин одоо юу хийдэг гээч? Зүгээр л жижиг дэлгүүр ажиллуулдаг. Олон жил энэ дэлгүүртээ ажиллаад худалдагчаасаа дэвшин, эзэн нь итгээд дэлгүүрээ бүрэн даатгаж орхидог болсон юм гэнээ. Өглөө митроны буудлын хажуугаар алхаж байхдаа бодож байсан асуулт энэ ахыг 9-н жил энд амьдарсан гэдгийг сонсонгуут л ахиад л толгойд оров.

-Та яагаад Монголруу буцалгүй 9-н жил болов? Ер нь буцах уу? гэж асуусан асуултанд маань :

-Хэрэв улсад маань боломжийн ажил боломжийн цалинтай, тэгээд авилгалд автсан улс төрчид, тогтворгүй байдал гээд л энэ бүгд байхгүй, тайван амьдрах боломжтой байсан бол юу гэж л энд ингээд байгаад байхав дээ. Хичнээн би энд гэр бүлээрээ тайван сайхан амьдарч байгаа ч сэтгэл зүрхний гүнд Монгол гэдэг улсыг байнга санаж байдаг. Би энд яаж ч бүгдэнтэй нь адилхан амьдарч байгаа ч цагаач л гэж харагдана шүү дээ. Одоо ч тэгээд олон жил болчихсон чинь бага хүү маань гэртээ хичнээн бид Монголоор ярилаа ч өөдөөс Англиар юм асуух юм. Харамсмаар ч яалтай билээ дээ.

-Та монгол улс хөгжчихвөл монголд амьдарна гэлээ. Таны бодлоор бид яаж хөгжих хэрэгтэй вэ? Ямар арга зам байна вэ?

-Миний бодлоор Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд мөн ч их мэдлэг , хөрөнгө мөнгө хэрэгтэй байна даа. Хэсэгчилсэн нийгмийн өөрчлөлтийг хийхэд энэ 2-л бидэнд туслана байх. Нийгмийн хэсэгчилсэн өөрчлөлт гэдэг нь хүмүүс өөрсдийн нийгэм дэх үүргийг ухамсарлан өөрсдөд нь олгогдсон эрх үүргийн ямар чухлыг ойлгох явдал юм. Хүмүүс эхлээд өөрсдөд нь ямар иргэн хүний эрх байдаг хийгээд тэдгээрийг хэн ч хязгаарлах болон бүүр өөрөөс нь авч болохгүйг ойлгох хэрэгтэй. Шударга бус үйлдэл төр засаг нь хийж байхад дуугүй суулгүй тэмцэж сурах хэрэгтэй. Өөрсдийнхөө эрхийн төлөө л тэмцэж сурах хэрэгтэй л дээ. Чи санаж байна уу? дөнгөж сая энд нэгэн улс төрчийг шүүмжилсэн гэдэг шалтгаанаар нэгэн ТВ-н үйл ажиллагааг зогсоох гэхэд ямар олон мянган хүн эсэргүүцэж жагсаал хийлээ. Гэвч харамсалтай нь манай улсад ийм хэрэг болсон бол хүмүүс нь ингэж их тэмцэхгүй, тэгээд аягүй бол ТВ хаагдчихсан байгаа даа. Энд болсон явдал бусад улсын иргэдэд сургамжтай шударга бус явдлын эсрэг иргэд яаж тэмцэх тухай сайн үлгэр дууриал юм. Шударга ёсыг бий болгохын тулд иргэд төр засгийнхаа эсрэг тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж сурах хэрэгтэй. - Бидэнд энэ бүгдийг зохицуулж өгсөн хууль хэрэгтэй юм болов уу? Шударга байдлыг тогтоох? Монгол улсад маань хууль тогтоомж дутагдалтай байгаа юм бишээ. Харин ч эсрэгээрээ нийгмийн бүх л хэсэгт зориулагдсан дүрэм журам, хууль хангалттай бий. Харин хүмүүст ойлгуулах хэрэгтэй зүйл юу вэ гэхээр хэзээ ч төгс төгөлдөр хууль гэж байдаггүй зөвхөн байгаа хуулиудаа төгс төгөлдөр хэрэгжүүлж чадах механизм л гэж бий дээ. Хэрэв манай улсын иргэдийн иргэний ухамсар дээшлэн өндөр ухамсартай болчихвол эдийн засгийн хөгжлийг бий болгоход ч нэг их хөрөнгө мөнгө хэрэггүй л дээ. Тиймээс миний л бодож байгаагаар хөгжлийг бүрдүүлэгч гол 2 хүчин зүйл бол нийгмийн хэсэгчилсэн өөрчлөлт болон санхүүгийн тусламж юм. Хичнээн энэ 2 зүйл маань их өөр ондоо хоёр зүйл мэт боловч яг л нийгмийн үзэгдэл шиг хоорондоо маш их харилцан хамааралтай юм. Арай тодруулж хэлвэл аль нэг нь сайн байж нөгөөгийнх нь үр дүн гарна гэх юмуу. Хэрвээ чи ямар нэг улсыг хөгжүүлэхийг хүсвэл чи тэр улсад хөрөнгө оруулах хэрэгтэй. Харин нөгөө талаас нь авч үзвэл нийгэм нь наад захын хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах түвшинд хүрчихсэн байгаа улс өөрсдөө мөнгөө бий болгох чадвартай байх юм. Тэгсэн ч миний л бодож байгаагаар хөгжлийн наад захын түвшинд хүрэхийн тулд бидэнд доорх зүйлс их тусалж чадах юм шигээ. Тэдгээр нь:

1. Эерэг дүр төрх

2. Эх орондоо зориулах мөнгө нэртэй сан байгуулах явдал.

Ядуу буурай гэгддэг орнууд үүнд мэдээж манай улс орж л яваа , тэд ихэнх нь ямар нэг байдлаар өөрчлөлтөнд орсон гэнэтхэн л өмнө нь сайхан гэж боддог байсан зүйлс нь муухай болж харин үзэж чаддаггүй байсан зүйлс нь шинэ үнэт зүйл болчихсон тодруулбал, хуучин социалист гэгддэг улсууд мөн ямар нэгэн дарангуйлагчийн гарт байсан улс гээд сэтгэл санааны хувьд асар их өөрчөлтөнд амьдарч буй улсууд байдаг. Шинээр салхилж эхэлсэн тэр их салхи ядуурал, авилгал, энэ их сөрөг дүр төрх тэднийг бухимдуу, хөгширчихсөн мэт, аймшигтай хамгийн гол нь ирээдүйдээ итгэх итгэл гэдэг тэр зүлийг байхгүй болгодог. Тэд яг л өрөвтас шувуу толгойгоо элсэнд хийчихээд шуурга өнгөрөхийг хүлээдэг шиг л байдалд орчихдог.

Тэдгээр хүмүүст итгэл хэрэгтэй. Тэдэнд баатрууд хэрэгтэй. Америкчуудад холливудынх нь одууд, гудамжнаас саятан болсон Билл Гэйтс байдаг шиг, Англичуудад Бекхэм байдаг шиг хэдхээн жил шантралгүй тэмцэж чадвал хэн ч болж болно гэдгийг итгүүлэх баатар, бахархал хэрэгтэй. Хамгийн гол нь тэдгээр бахархал нь аль нэгэн холын улсын хүн биш тэр бахархал, баатар маань биднийх байх хэрэгтэй. Таньтай хамт сурч байсан байг, таны найз багш чинь, үсчин гээд л бахархах хүн маань хэн ч байж болно, гагцхүү л улсад маань л төрсөн биднийх байх хэрэгтэй.

За одоо би чамд дараагийнхаа зүйлийг тайлбарлая. Эх орондоо зориулах мөнгө нэртэй сан. Үүнийг би хамгийн гол нь яамар ч хүний сэтгэлийн үзүүрт эх орон, улс түмэн нь байдаг гэдэг дээр л үндэслэж байгаа юм л даа. Монгол улс л гэхэд жил болгон улс орноо хөгжүүлнэ гэдэг нэрээр хичнээн ч их мөнгийг гадаадаас хандив тусламж зээл нэрийдлээр авч байна даа. Түүний хэмжээний мөнгийг цуглуулж чаддаггүй юмаа гэхэд гадаадад цагаачилсан болон албан ёсоор хараар ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс эх орондоо зориулах мөнгийг нь төвлөрүүлээд аль нэг томоохон банктай хамтран улс орноо хөгжүүлэх жижиг жижиг төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

-Та яагаад заавал томоохон банк гэж байгаа юм бэ? Хүн мэдээж өөрийнхөө мөнгийг найдваргүй баталгаагүй зүйлд өгөхийг хүсэхгүй шүү дээ. Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэсний Байгууллага гээд л энэ олон олон улсын байгууллагууд энэ төслийг маань баталгаатай дэмжинэ гэж би бодож байгаа шүү. Тэд Мянганы хөгжлийн зорилт дэвшүүлчихээд хамгийн түрүүнд ядуурлыг бууруулах гээд зориж байхад нэг ч гэсэн улсын гадаадад амьдарч байгаа хүмүүс ийм зүйл хийнэ гэвэл тэд дуртайяа дэмжинэ байх. Тэгээд ч эх орон маань ажилын байртай хангалттай цалин мөнгө өгдөг бйсан бол наадам, цагаан сар болгоноор нутгаа санан санан би лав энд амьдрахгүй.

Тэр ах ингэж хэлээд яриагаа өндөрлөв хүссэндээ ч биш, үйлчлүүлэхээр хүн ороод ирж л дээ.

Би ч гэрлүүгээ алхав. Хэрэв энэ ахын хэлсэн бүх юм хэрэгжчихдэг бол сайхан л юм. Энд нэгэн хүн аль эрт өөрийгөө энэ үйлсэд зориулчихсан байхад хүмүүс түүнийг сонсохгүй юм даа. Хүмүүс асуултыхаа хариултыг сансар од гаригаас л эрэхээс өөрсдөөсөө эрэхгүй юм. Би , чи, сайхан хувцасласан хоёр хижээл насны хатагтай- амьдарч л байгаа хүн бүрт л асуултын хариу бий. Өөр өөр ёс заншил, өөр өөр хил хязгаар, өөр өөр шашин шүтлэг, гэвч бид нэг л адал явдалт амьдрал гэж зүйлийг хуваан амьдарч байгаа шүү дээ... Ингэж бодонгоо би инээмсэглэн цааш алхалаа.

Хэдэн сарын өмнөх үгс

Хав харанхуй өрөөнд би өөрийгөө түгжчихлээ

Айж байсан ч гарахыг үл хүснэ

Хайр минь дээ... намайг авраач.


Зүрхнийхээ үгнүүдийг хэлэх гэтэл

Миний ам үзэн яадалт өшөө авалт хараал зүхэл яриад эхэллээ

Чи миний зүрх биш байна


Нууц юм нууцаараа л үлдэг

Мэдэхийг ч хүсэхгүй байна

Мэдсэнээс үхэхийг би илүүд үзнэ


Зүрхээ өвтгөн байж би чамайг уучиллаа

Өөрийгөө өрөвдөн байж өөрчиллөө

Чи ямар хүчтэй юм бэ?


Гунихралын үгс

Гуниг минь чи намайг битгий хаяач

Би чамд хайртай

Чи л байхад би ухаантай зүйлс хийдэг


Охиныхоо тухай зүүдлээд

Өөрөөсөө ичин улайж хэсэг хэвтэв.

Бурхан надад ээж болох ёстойг минь сануулав уу?


Эмэгтэй хүн болж төрсөндөө одоо хүртэл зовно

Ирээдүйд төрөх охиныхоо төлөө

Ээжийнхээ эмээгийнхээ төлөө

Эрчүүдийн бүтээсэн орчлонд хэрхэн харгис амьдрах вэ?

Эмэгтэй гэдэг үгэнд байгаа тэр бүхнийг хадгалан байж

Уучилдаг, өршөөдөг, энэрдэг ойлгодог нэгэн байж

Хэрхэн хатуу, хүчтэй амьдрахыг минь заагаач.


Од, шувуу, итгэл

Яг л эдгээр шиг амьдрахсан.


Нэг ширхэг навчыг мөчирт нь байлгахын төлөө

Өвдөж байгаа нэг хүний эдгэрэлийн төлөө

Муудалцаж байгаа гэр бүлийн тайтгарал болоход ч юмуу

Өөрийгөө зориулахсан.

Гутрангуй хүмүүст итгэл өгөхийн төлөө

Нэг зүрх, нэг амьдралын төлөө би өөрийгөө өгье

Бүх сайн сайхан хайр, энэрэлийн төлөө

Намайг бүхлээр минь ав


Үхчихсэн хүн юу боддог бол?

Түүний төлөө шаналан байгаа хүмүүсийг сонсдог болов уу?

Бүгчим авс түүнд ямар байдаг бол

Үхлийн тухай битгий бодуулаач.


Түүний минь бүх зүйл энгийн

Энгийнээс энгийн үүнээс илүү гоё үг түүнд минь тохирохгүй

Энгийн юманд л агуу зүйл нуугдаж байдаг

Салахын аргагүй яг л донтдог шиг

Энгийн түүнийгээ

Энгийн л хайрлахсан.

Би хэзээ ч хэнд ч итгэж байгаагүй

Хэнийг ч үнэлж бас хэнээр ч үнэлүүлж байгаагүй

Байгаагүй бүхний төлөө өширхөж гомдож ч байгаагүй

Энэ бүхэн зүгээр л, ямагт зүгээр л нэгэн үзэгдэл байсан

Инээдэг, уйлдаг, аашилдаг, гунидаг жижигхэн охин

Хэзээ ингээд амьд нэгэн хүүхэлдэй болчихсоноо ч ойлгохгүй нь

Бүжиг, үгүй ээ шүлэг юу ч байсан болно

Намайг амь оруулж өгөөч, үүнийг л таниас хүсье

Шүлэг 4-н мөр байдаг болохоор

3-н мөр шүлэг бичихийг л хүсэх….

Өөрөөрөө байх гээд


Тэнэг юмаа… яг ингэж бодоод дуустал

Ахиад л тэнэглэчихлээ.

Алдаж дуусдаггүй хорвоо


Хүссэн үедээ, хүссэн ганц зүйлээ авчихаад

Би энэ хорвоогоос уйдлаа гэх…

Хүссэн үедээ авч чадахгүй зүйл үлдсээр атал


Өөртэйгөө удаан уулзсангүй

Олон хоног өнгөрчээ…

Өөрийгөө таних гэж хичээнэ.


Ширхэг ч одгүй тэнгэр

Од л байсан бол

Гунихрал минь утгагүй байх байсан.

Харилцаагаа хэрхэн аврах вэ?

Хэрэвээ чи энэхүү нийтлэлийг уншин суугаа бол магадгүй чамд чиний хайрттайгаа байгаа харилцаанд чинь ямар нэг асуудал байгааг чи хүлээн зөвшөөрч байгаа нэгэн байж болох юм. Битгий сандар, энэхүү нийтлэл чамд хоорондын харилцаанд байгаа асуудлыг хэрхэн засварлаж хүчтэй эрүүл харилцаа бий болгохыг заах юм.

Асуудал байгаа харилцаанд дахь зарим шинж тэмдэг:

1. Санал зөрөлдөх явдал ихсэх

2. Харилцаа холбоо чинь багасах

3. Тусдаа болж байгаа мэт сэтгэгдэл төрөх

4. Сексийн харилцаа багасах, бие биендээ хүрэх байдал буурах

5. Хамтдаа цаг өнгөрүүлэх нь багасах

6. Романтик байдлууд буурах

Хэрэв дээр дурьдсан зүйлсийн аль нэг ньь л та хоёрын харилцаанд үзэгдэж эхэлсэн бол яах аргагүй харилцаанд чинь асуудал байна, үүнийг аврах л хэрэгтэй. Хамгийн эхний алхам бол ямар асуудал байна гэдгийг тодорхойлох явдал юм. Цуг байх болгондоо аливаа асуудлууд дээр санал зөрөлдөөд хэрэлдээд байна гэдэг дээр бол “Хэрүүл” л асуудал байна гэж ойлгож болохгүй юм. Харин үүний оронд юун дээр санал зөрөлдөөд хэрэлдээд байна вэ гэдэг дээр илүү анхаарал хандуулах хэрэгтэй.

Хосуудын харилцаанд гардаг дуусашгүй олон шалтгаанууд байдаг боловч доор та бүхэнд нийтлэг тулгардаг асуудлыг тоочьёо.

1. Амлалтандаа хүрэлгүй худал ярих эсвэл хуурах

2. Хоорондын харилцаанд эрх мэдлийн зөрөөтэй байдал бий болох, нэг нь ихэнхдээ шийдвэр гаргах

3. Хосуудын эхний жилүүдэд тэд зөвхөн бие биедээ л цаг гаргахыг хичээдэг. Харин дараа дараагийн жилүүдэд өөрсдийн найз нөхөд гэр бүлдээ цаг гаргах шаардлагатай байдаг. Харин энэхүү цагийг гаргаж чадахгүй байснаас ганцаардал, өөрийгөө тусгаарлах явдал бий болдог.

4. Хардалт бол харилцааг муутгадаг хамгийн түгээмэл үзэгдэл юм.

5. Хосуудын хэн нэг нь эсвэл 2-лаа өөрсдийн мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байх

6. Хосуудын хэн нэг нь илүү өмчлөх хажуудаа байлгах, захирч байх сонирхолтой бол. Хамгийн амархан харилцаандаа гараад байгаа асуудлыг тодорхойлох арга бол дэвтэр үзэг аваад л бичиж эхлэх явдал юм. Ямар шалтгаанууд дээрээс болоод хэрүүл маргаан үүсээд байна. Ямар нийтлэг нөхцөл байдлууд хэрүүл дээр байгаад байна. Хэрүүл маргааны өмнө юу болж байна. Юу хэрүүлийг эхлүүлээд байна.

Жишээ нь: Хэрүүлүүдийн ихэнх нь чамайг яг сайхан түүнтэйгээ цагийг өнгөрүүлэхээр төлөвлөөд байж байтал найз нөхөд нь дуудаад авч явчихаад байдаг бол. Хэрүүлийн шалтгаан нь чамтай өнгөрүүлж байгаа цаг хугацааны их бага биш, харин

1. Чи хэтэрхий түүнийг хяналтандаа байлгадаг

2. Чи хартай

3. Чи хаягдсан мэт сэтгэгдэлтэй байх

4. Өөрийнхөө хэрэгцээ шаардлагын талаар хайрттайгаа та ярилцахгүй харилцахгү байна. Та харилцаагаа нээлттэй арай өргөн хүрээнд харахыг хичээж энэхүү харилцааг муутгах үйл явцад нь та оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч хариуцлага үүрэх ёстой юм.

За одоо та өөрийнхөө харилцаанд асуудалтай байгаа зүйлээ гаргаад ирчихсэн тул одоо үүнийг засцгаая.

1. Хайр сэтгэл гэдэг бол зөвхөн сэтгэл хөдлөл биш, мөн түүний төлөө хийх үйлдэлүүд юм. Өөрийн хайртай хүнээ хайрлахын тулд хичнээн тэд чиний дургүй зүйлүүдийг хийж байгаа ч чи ямар нэг үйлдлийг хийх хэрэгтэй юм.

2. Хайрттайгаа заавал харилцах хэрэгтэй. Хэн ч та хоёрт саад болохооргүй газар цаг үеийг сонго. Түүндээ та хоёрын харилцаанд асуудал үүсчихээд байгааг тайлбарлаж, үүнийг засах хүсэлтэй байгаагаа хэл. Дээр дурьдсан жишээн дээр тайлбарлавал: та хоёрт тохиолдоод байгаа нөхцөл байдал хэрэв ийм бол хичнээн чи түүнд найзуудтайгаа гарахыг чинь би хүсэхгүй байна гэж хэлэх нь хэцүү боловч энэ бол жинхэнэ учир шалтгаан биш юм. Найзуудтайгаа гарах нь нэг их асуудал биш боловч гол нь чи түүнтэй бас зарим нэг цагийг өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа түүнд хэл.Хаягдсан, орхигдсон мэт сэтгэгдэл мэдрэмж бий болоод байгаа тухайгаа түүнд хэл. Магадгүй ингэж хэлэхэд бүх асуудлын бурууг түүнд чихээд байгаа мэт түүний уур нь хүрч дахин хэрүүл эхлэж болох л юм. Гэвч үүнд чи бас хариуцлага үүрэх ёстой буруутай байгаа, хэрэлдэж муудаж байхын оронд эртхэн энэхүү мэдрэмжээ хуваалцаагүй зэргээ бас түүнд хэлээрэй.

3. Түүнийхээ хэлэх үгийг таслалгүй тэвчээртэй сонсоорой. Тэд өөрийнхөө мэдрэмжүүдийг бодлуудыг чамд хэлж байхад түүнийг нь өөрчилөх гэж битгий оролдоорой. Бүх хэлэх зүйлүүдийг нь анхааралтай юу ч үлдээлгүй сонс.

4. Бие биендээ ууртай хэвээр орондоо орж болохгүй.

5. Хичнээн чи хиймээргүй байсан ч дургүй байгаа ч түүндээ өөрийгөө хайртай гэдгийг мэдрүүлэх дор хаяж нэг юмыг өдөр болгон хийж бай. Том зүйл байх албагүй амархаан жижигхэн, жишээ нь толин дээрээ “чамдаа хайртай шүү” гэж бичих, ажилд явахаас нь өмнө удаан гэгч нь үнсэх зэрэг хайр сэтгэлийг дахин цэцэглэхэд нөлөөлнө. Харилцаан дахь асуудлаа тодорхойлоод, харилцаагаа аврах дээр дурьдсан алхмуудыг хийж байгаа бол удалгүй та 2-н харилцаа эрүүл хүчтэй болж байгааг мэдрэнэ.

Бүх нь харилцаанд асуудал байдаг харилцааг төгсгөл болох эсвэл үгүйг юу тодорхойлдог вэ гэхээр тухайн асуудлыг чи хэрхэн шийдвэрлэв л гэдэг юм.

Ашигласан материал:

Enallexperts.com

• How to strengthen your relationship

• Sharon Crandall

• www.exbackcoach.com

• How to fix relationship problems

Wednesday, June 3, 2009

June third the day I thought about love and life

Өнөөдөр би юу хийсэн бэ гэхээр дэмий баахан тэнэв. Өчигдөр нэг ном уншсан биш баахан уймарч хэвтэв. Тэр номыг уншсандаа уур хүрэв. Тэгсэн чинь харин өглөө баннандаа ус дүүргэж байгаад тухтай гэгч нь нөгөө номоо үргэлжлүүлчихэе гэж бодоод барьж авсан биш өөрийнхөө асуултын хариултыг би олж авсан. Энэ дэлхий дээр би яах гэж амьдраад байгаагаа ойлгосон. Ээж аав хоёр маань зөвхөн биднийг төрүүлсэн болохоор харахаас хайр нь хүрээд байдаг юм биш юм байна гэдгийг мэдсэн. Ээгийгийн ээж түүнийг байнга л хайр нэвт гэрэлтсэн нүдээр бүр цоо ширтдэг. Аавынхаа бас агааг тэгэж ширтэж байгаа нүдийг би харсан. Би харахаар тэгж их хайр хүрмээр харагдаагүй байхад яагаад тэгээд байдгийг нь би гайхаж байлаа. Тэгээд Бурхны тухай бодсон. “Бурхан бидэнд үнэхээр их хайртай болохоор өөрийн цорын ганц хүүгээ илгээсэн. Түүнд итгэсэн хэн боловч мөнхийн амьдрах болно” гэж Библи дээр байдаг. Бурхан бидэнд Ээгийгийн ээж шиг, миний аав шиг хайртай болов уу? Тийм болоод л юуг ч буруу хийгээд уучлалт гуйсан тэр уучилдаг юм болов уу? Ингээд бөөн асуулт..... заримдаа өөрөө ч хариулж чадахгүй. Энэхүү бодлуудыг шууд тэнд нь орхиод би номын баатруудаа бодож эхлэв. Алли Нова хоёрын түүх буюу “Дэвтэр” дуусаагүй байгаа ч гэсэн тэдний хайрыг би ойлгох гэж хичээв. Нөгөө төгс төгөлдөр зүйл байхгүй гэдэгт итгэдэг, гунигтай байх дуртай ганцаардмал нэгэнд тэдний түүх нэг л амьдраллаг биш санагдав. Үлгэрийн хэзээ ч байдаггүй, түүх, ном зохиол гээд л..... гэтэл өчигдөрхөн багштайгаа гэр бүл хайр сэтгэл, амьдралын талаар ярилцаж байсан ярианууд яг л дуртай кинон дундуур минь реклам гэнэт орж ирдэг шиг л дайраад ороод ирэв.

Багш ярьжийнаа: Дээр үеийн хүмүүс буюу бидний аав ээж нар стандарт хүмүүс байсан юм гэнээ. Адилхан хэлбэрээр адилхан үнэлэмжтэй хүмүүсийг л хийдэг байсын байх. Тэд бүгд их сургууль төгсдөг, бүгд их сургууль төгссөн бол ижилхэн цалин авдаг, бас гэр бүл болохдоо ч нөгөө л өөрсдийн мэддэг адилхан үнэт зүйл дээрээ тулгуурладаг байжээ. Тэгээд өнөөдрийн хүмүүс шиг ном эргүүлж тойруулж буй мэт, эсвэл бараа авах гээд үйлдвэрлэсэн огноо, хугацаа, орц, илчлэг гээд л бүүр цаашлаад амталж үзээд авна гэвэл би лав нөхөртэйгөө суухгүй байсан. За бүүр болий магадгүй хэтэрхий их тэгж үзэж байгаад нөхөргүй ч байх байсын билүү гэдийн. Хамгийн сонирхол татмаар нэг л зүйл хэлсэн юм. Тооцоон дээр суурилсан буюу эхнээсээ ингээд шалгаж тогтоогоод бий болсон гэр бүлийн хэн нэгэн нь хэн нэгэндээ дээр үеийнхэн шиг дурлаагүй бол, хайрлаагүй бол хэзээ нэгэн цагт тэгнэ гэнээ. Тэр үед өөрөө юу болоод байгааг ойлгохгүй, дэнсэлж бодож ч чадахгүйгээр ухаангүй дурлана гэв. “Ухаангүй дурлах” энэ үг аймшигтай, бас амттай, санагдаад.... эрсдэлгүй амьдрахыг хүсдэг надад “үнэн” гэхдээ “аймшигтай үнэн” гэж мэдрэгдээд.

Ингээд бодохоор Нова Алли хоёрын түүх үнэн байх боломжтой санагдав. Хүний амьдрал хоосон юм шиг санагдаж байсан чинь бас хүүхэдтэй болох нь утга учир бий болгож байгаа албан хүчний асуудал шиг санагдаад байсан чинь үгүй санагдав. Номын яг миний уншиж байгаа хэсэг дээр 4 хөн настай хүүгийнх нь зуурдын үхэл тэр хоёрт хэрхэн цуг тэрхүү зовлонг туулах шалгуур болсон, тэр үед өөрийнхөө амьдралыг хүүгийнхтэйгээ солимоор санагдсан, хүүхдүүддээ өөрсдийнхөө түүхийг ярьж өгөхөд тэдэнд аав ээжийнх нь амьдрал хэрхэн нөлөөлсөн юуг тэднээс сурснаа хэлсэн нь, тэгээд тэр үед Новад төрсөн сэтгэгдэл зэргийг би дахин санав. “Хонгор минь би энэ үед хоюулаа ямархан сайхан зүйл хийж амьдралаа өнгөрөөгөө вэ? гэж бодоод аргагүй нулимс унагаж билээ” гэж Нова ой санамжаа алдчихсан 45 жил ханилсан Аллидаа хэлдэг. Цагаан моьтой ханхүүг хүлээгээгүй ч, хайр гэдэг өөрөө бий болгодог зүйл гэж итгэдэг ч, тэр ухаангүй сохор мэт дурлах тэр дурлал хайрыг байдаг гэдэгт итгээд хоюулаа ямархан сайхан зүйлийг бий болгонхон амьдраа вэ гэж хэзээ нэгэн цагт хэлэхийг хүснэ. Асуултын минь хариулт....