Thursday, June 4, 2009

Митроны буудал дээрээс төрсөн бодол

Ноднин жилийн 12 сарын сүүлч. Америкт байх ёстой хугацаа минь ч дуусч байлаа. Яах аргагүй ирээд хэдэн сар болсон болохоор буцаад явахад өглөө болгон сургуульруу явдаг байсан замаа санах ч юм шиг. Тэгээд л ахиад нэг тойроод алхаадхая гэж бодон гэрээсээ гарав. Митроны буудлын ойролцоо өглөө болгон тараадаг Митро-Ньюс сонин тараасаар митроны 2 ажилтан зогсоно. Сонин аван хартал хамгийн нүүр хуудсан дээр нэгэн өнгөт арьстан залуугийн том зураг, аль нэгэн мэдэхгүй газрын танихгүй хүн, ямар нэг жигшүүрт гэмт хэрэг үйлдээд баригджээ. Яг энэ үед миний хажуухан талаас: “Хүүе ээ хараачээ, энэ цагаачид ч манай улсыг нурааж байна даа. Тэд зүгээр л хаанаас ирсэн тэр газар руугаа явж болдоггүй л юм байх даа” хэмээн нэгэн хижээл насны хатагтай нөгөөгөөсөө асуув. Нөгөө хатагтай зөвшөөрөн толгой дохингоо Тэд энд ирж бидний талхнаас булаацалдаж, бидний ажлын байрыг булаагаад зогсохгүй мөн элдэв гэмт хэрэг хийсэн хүн болгон л ер нь цагаач иргэд байх юм. Бидний үр хүүхэд ажилгүй байгаа нь тэдний л буруу хэмээн ярилцав. Хэсэхэн зуур тэдний яриаг сонсож байхдаа би өөрийн мэдэлгүй тэднээс зайгаа барин зогсжээ. Санамсарүй зогсож байгаад бөөн үзэн ядалт дунд очихсон мэт санагдан ер нь яагаад энэ сайхан хувцасласан, магадгүй сайхан машин унаж үнэтэй сүрчиг түрхдэг энэ 2 хижээл насны хатагтай нар цагаачдад ингэтлээ их дургүйцдэг байнаа гэж бодов. Хичнээн асуучихмаар санагдсан ч би ч бас тэдний нүдэнд бас л нэгэн цагаач харагдана байх даа гэж бодон болив. Тэгээд ч нээрээ тэд хангалттай л уурлаж байгаа шалтгаанаа хэлчихсэн юм байна даа. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа нь зовж байгаа. Жил болгон олноороо Америкт орж ирдэг цагаачид хэзээ нэгэн цагт тэднийг орлодог болох вий, өөрсдийнх нь олон жил хөдөлмөрлөж бий болгосон үндэсний соёл, уламжлал энэ бүгд алга болчих вий гэж тэд эмээж байгаа.

Судалгаанаас харахад буурай орноос ирсэн цагаач иргэдийн эхний үе шинэ үнэт зүйл үнэлэмж, орчин зэргийг өөртөө тусгаж авч чадахгүй байлаа гэхэд тэдний үр хүүхэд буюу 2-дох үе ихэнхийг нь авч хүмүүждэг. Цэцэрлэг бага сургууль, ахлах сургууль, коллеж гээд л тэд яг л хөгжилтэй орны нэгэн иргэн адил л өсөж торнидог. Гэтэл дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь өдөрт 2 хүрэхгүй долларын орлоготой ядуу буурай амьдардаг юм байжээ. Үүнээс үзэхэд дэлхийн өнцөг булан бүрээс сайхан амьдрахын тулд хүмүүс хөгжилтэй гэгддэг цөөхөн улсуудруугаа явбал үй олон хүн жоохон газар нутаг дээр бөөгнөрөн амдрах нь. Ингээд бодсон чинь тэр 2 хатагтайн уурлаад байгаа нь аргагүй ч юм шиг.

Иймэрхүү бодолд автан гудамжаар алхаж байтал хаанаас ч юм нэг сайхан аялгуу.. танил ая болоод л сайхан санагдаж л дээ. Кристал сити-н нэгэн жижигхэн дэлгүүрээс Монгол аялгуу сонсогдож байх юм. Би өөрийн эрхгүй тэр дэлгүүр лүү явж оров. Дэлгүүрт 40 эргэм насны Монгол ах ажилладаг юм байна. Монгол аялгуу сонсон орж ирснээ хэлэн хэсэг ярьж суув. Амеркад ирээд 9 жил болжээ. Эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг, тэр ах уг нь Орост их сургууль төгссөн инженер хүн юм байна. Эхнэр нь харин хүүхдийн эмч мэргэжилтэй. Харин одоо юу хийдэг гээч? Зүгээр л жижиг дэлгүүр ажиллуулдаг. Олон жил энэ дэлгүүртээ ажиллаад худалдагчаасаа дэвшин, эзэн нь итгээд дэлгүүрээ бүрэн даатгаж орхидог болсон юм гэнээ. Өглөө митроны буудлын хажуугаар алхаж байхдаа бодож байсан асуулт энэ ахыг 9-н жил энд амьдарсан гэдгийг сонсонгуут л ахиад л толгойд оров.

-Та яагаад Монголруу буцалгүй 9-н жил болов? Ер нь буцах уу? гэж асуусан асуултанд маань :

-Хэрэв улсад маань боломжийн ажил боломжийн цалинтай, тэгээд авилгалд автсан улс төрчид, тогтворгүй байдал гээд л энэ бүгд байхгүй, тайван амьдрах боломжтой байсан бол юу гэж л энд ингээд байгаад байхав дээ. Хичнээн би энд гэр бүлээрээ тайван сайхан амьдарч байгаа ч сэтгэл зүрхний гүнд Монгол гэдэг улсыг байнга санаж байдаг. Би энд яаж ч бүгдэнтэй нь адилхан амьдарч байгаа ч цагаач л гэж харагдана шүү дээ. Одоо ч тэгээд олон жил болчихсон чинь бага хүү маань гэртээ хичнээн бид Монголоор ярилаа ч өөдөөс Англиар юм асуух юм. Харамсмаар ч яалтай билээ дээ.

-Та монгол улс хөгжчихвөл монголд амьдарна гэлээ. Таны бодлоор бид яаж хөгжих хэрэгтэй вэ? Ямар арга зам байна вэ?

-Миний бодлоор Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд мөн ч их мэдлэг , хөрөнгө мөнгө хэрэгтэй байна даа. Хэсэгчилсэн нийгмийн өөрчлөлтийг хийхэд энэ 2-л бидэнд туслана байх. Нийгмийн хэсэгчилсэн өөрчлөлт гэдэг нь хүмүүс өөрсдийн нийгэм дэх үүргийг ухамсарлан өөрсдөд нь олгогдсон эрх үүргийн ямар чухлыг ойлгох явдал юм. Хүмүүс эхлээд өөрсдөд нь ямар иргэн хүний эрх байдаг хийгээд тэдгээрийг хэн ч хязгаарлах болон бүүр өөрөөс нь авч болохгүйг ойлгох хэрэгтэй. Шударга бус үйлдэл төр засаг нь хийж байхад дуугүй суулгүй тэмцэж сурах хэрэгтэй. Өөрсдийнхөө эрхийн төлөө л тэмцэж сурах хэрэгтэй л дээ. Чи санаж байна уу? дөнгөж сая энд нэгэн улс төрчийг шүүмжилсэн гэдэг шалтгаанаар нэгэн ТВ-н үйл ажиллагааг зогсоох гэхэд ямар олон мянган хүн эсэргүүцэж жагсаал хийлээ. Гэвч харамсалтай нь манай улсад ийм хэрэг болсон бол хүмүүс нь ингэж их тэмцэхгүй, тэгээд аягүй бол ТВ хаагдчихсан байгаа даа. Энд болсон явдал бусад улсын иргэдэд сургамжтай шударга бус явдлын эсрэг иргэд яаж тэмцэх тухай сайн үлгэр дууриал юм. Шударга ёсыг бий болгохын тулд иргэд төр засгийнхаа эсрэг тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж сурах хэрэгтэй. - Бидэнд энэ бүгдийг зохицуулж өгсөн хууль хэрэгтэй юм болов уу? Шударга байдлыг тогтоох? Монгол улсад маань хууль тогтоомж дутагдалтай байгаа юм бишээ. Харин ч эсрэгээрээ нийгмийн бүх л хэсэгт зориулагдсан дүрэм журам, хууль хангалттай бий. Харин хүмүүст ойлгуулах хэрэгтэй зүйл юу вэ гэхээр хэзээ ч төгс төгөлдөр хууль гэж байдаггүй зөвхөн байгаа хуулиудаа төгс төгөлдөр хэрэгжүүлж чадах механизм л гэж бий дээ. Хэрэв манай улсын иргэдийн иргэний ухамсар дээшлэн өндөр ухамсартай болчихвол эдийн засгийн хөгжлийг бий болгоход ч нэг их хөрөнгө мөнгө хэрэггүй л дээ. Тиймээс миний л бодож байгаагаар хөгжлийг бүрдүүлэгч гол 2 хүчин зүйл бол нийгмийн хэсэгчилсэн өөрчлөлт болон санхүүгийн тусламж юм. Хичнээн энэ 2 зүйл маань их өөр ондоо хоёр зүйл мэт боловч яг л нийгмийн үзэгдэл шиг хоорондоо маш их харилцан хамааралтай юм. Арай тодруулж хэлвэл аль нэг нь сайн байж нөгөөгийнх нь үр дүн гарна гэх юмуу. Хэрвээ чи ямар нэг улсыг хөгжүүлэхийг хүсвэл чи тэр улсад хөрөнгө оруулах хэрэгтэй. Харин нөгөө талаас нь авч үзвэл нийгэм нь наад захын хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах түвшинд хүрчихсэн байгаа улс өөрсдөө мөнгөө бий болгох чадвартай байх юм. Тэгсэн ч миний л бодож байгаагаар хөгжлийн наад захын түвшинд хүрэхийн тулд бидэнд доорх зүйлс их тусалж чадах юм шигээ. Тэдгээр нь:

1. Эерэг дүр төрх

2. Эх орондоо зориулах мөнгө нэртэй сан байгуулах явдал.

Ядуу буурай гэгддэг орнууд үүнд мэдээж манай улс орж л яваа , тэд ихэнх нь ямар нэг байдлаар өөрчлөлтөнд орсон гэнэтхэн л өмнө нь сайхан гэж боддог байсан зүйлс нь муухай болж харин үзэж чаддаггүй байсан зүйлс нь шинэ үнэт зүйл болчихсон тодруулбал, хуучин социалист гэгддэг улсууд мөн ямар нэгэн дарангуйлагчийн гарт байсан улс гээд сэтгэл санааны хувьд асар их өөрчөлтөнд амьдарч буй улсууд байдаг. Шинээр салхилж эхэлсэн тэр их салхи ядуурал, авилгал, энэ их сөрөг дүр төрх тэднийг бухимдуу, хөгширчихсөн мэт, аймшигтай хамгийн гол нь ирээдүйдээ итгэх итгэл гэдэг тэр зүлийг байхгүй болгодог. Тэд яг л өрөвтас шувуу толгойгоо элсэнд хийчихээд шуурга өнгөрөхийг хүлээдэг шиг л байдалд орчихдог.

Тэдгээр хүмүүст итгэл хэрэгтэй. Тэдэнд баатрууд хэрэгтэй. Америкчуудад холливудынх нь одууд, гудамжнаас саятан болсон Билл Гэйтс байдаг шиг, Англичуудад Бекхэм байдаг шиг хэдхээн жил шантралгүй тэмцэж чадвал хэн ч болж болно гэдгийг итгүүлэх баатар, бахархал хэрэгтэй. Хамгийн гол нь тэдгээр бахархал нь аль нэгэн холын улсын хүн биш тэр бахархал, баатар маань биднийх байх хэрэгтэй. Таньтай хамт сурч байсан байг, таны найз багш чинь, үсчин гээд л бахархах хүн маань хэн ч байж болно, гагцхүү л улсад маань л төрсөн биднийх байх хэрэгтэй.

За одоо би чамд дараагийнхаа зүйлийг тайлбарлая. Эх орондоо зориулах мөнгө нэртэй сан. Үүнийг би хамгийн гол нь яамар ч хүний сэтгэлийн үзүүрт эх орон, улс түмэн нь байдаг гэдэг дээр л үндэслэж байгаа юм л даа. Монгол улс л гэхэд жил болгон улс орноо хөгжүүлнэ гэдэг нэрээр хичнээн ч их мөнгийг гадаадаас хандив тусламж зээл нэрийдлээр авч байна даа. Түүний хэмжээний мөнгийг цуглуулж чаддаггүй юмаа гэхэд гадаадад цагаачилсан болон албан ёсоор хараар ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс эх орондоо зориулах мөнгийг нь төвлөрүүлээд аль нэг томоохон банктай хамтран улс орноо хөгжүүлэх жижиг жижиг төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

-Та яагаад заавал томоохон банк гэж байгаа юм бэ? Хүн мэдээж өөрийнхөө мөнгийг найдваргүй баталгаагүй зүйлд өгөхийг хүсэхгүй шүү дээ. Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэсний Байгууллага гээд л энэ олон олон улсын байгууллагууд энэ төслийг маань баталгаатай дэмжинэ гэж би бодож байгаа шүү. Тэд Мянганы хөгжлийн зорилт дэвшүүлчихээд хамгийн түрүүнд ядуурлыг бууруулах гээд зориж байхад нэг ч гэсэн улсын гадаадад амьдарч байгаа хүмүүс ийм зүйл хийнэ гэвэл тэд дуртайяа дэмжинэ байх. Тэгээд ч эх орон маань ажилын байртай хангалттай цалин мөнгө өгдөг бйсан бол наадам, цагаан сар болгоноор нутгаа санан санан би лав энд амьдрахгүй.

Тэр ах ингэж хэлээд яриагаа өндөрлөв хүссэндээ ч биш, үйлчлүүлэхээр хүн ороод ирж л дээ.

Би ч гэрлүүгээ алхав. Хэрэв энэ ахын хэлсэн бүх юм хэрэгжчихдэг бол сайхан л юм. Энд нэгэн хүн аль эрт өөрийгөө энэ үйлсэд зориулчихсан байхад хүмүүс түүнийг сонсохгүй юм даа. Хүмүүс асуултыхаа хариултыг сансар од гаригаас л эрэхээс өөрсдөөсөө эрэхгүй юм. Би , чи, сайхан хувцасласан хоёр хижээл насны хатагтай- амьдарч л байгаа хүн бүрт л асуултын хариу бий. Өөр өөр ёс заншил, өөр өөр хил хязгаар, өөр өөр шашин шүтлэг, гэвч бид нэг л адал явдалт амьдрал гэж зүйлийг хуваан амьдарч байгаа шүү дээ... Ингэж бодонгоо би инээмсэглэн цааш алхалаа.

2 comments:

  1. bi ter baatar ni bolnoo

    ReplyDelete
  2. Америкт байгаа хүмүүсийн бодсон шиг Монгол тийм аймаар биш шүү дээ. Ирээд амьдрахаар зориглох хэрэгтэй. Хүн чинь сэтгэлийн амьтан. Тэнд бэтгэрч, 3-р зэрэглэлд орж байхаар эндээ бүтээгээд явж болно доо уг нь. Хүүхдийн ирээдүй л гэх байх өөдөөс. Одоо яс үндэс нь Монгол ч, таны нэр ямар вэ гэж асуудаг, монголоор өргөдөл бичиж чаддаггүй бүхэл бүтэн үе гарч ирж байна.

    ReplyDelete