Sunday, July 5, 2009

Цэвэр усны нөөц - бараа мөн үү?

Одоо дэлхийн хэд хэдэн газар буй усны хомсдолоос шалтгаалсан зөрчил дэлхий нийтийн хүн амын өсөлтийг дагаад ихэсч байгаа усны хэрэглээ хомсдол зэрэг нь үнээс шалтгаалан зөрчилдөөн үүсэх бололцоотойг бидэнд харуулж байна. Үүнтэй холбоотой нэгэн гол асуудал нь юу байна вэ гэхээр “голын уруу” болон “голын өөд” байгаа улс үндэстнүүдийн хоорондын өрсөлдөөнтэй заргууд юм. “Голын уруу” улс аль болох илүү их “устай байх эрхийг эдлэх” гэж оролдож байгаа ч харин “голын өөд” улсууд аль болох усны нөөцөө өөрийн нутаг дэвсгэрт хадгалах сонирхолтой байна. Өнөөдөр олон бүс нутагт усны нөөц хангалтгүй байгаа ба ирээдүйд энэ хомсдол улам даамжирч ялангуяа нэгээс илүү улсын нутгаар урсан өнгөрдөг голуудын усны төлөөх улс үндэстэн хоорондын хурцадмал байдал бий болох шинжтэй.


Мөн.

Бидний худалдан авч, зарж борлуулж бараа гэж үздэг газрын тос, байгалын хий зэрэг шиг ус санаандгүй тэгш хуваарлалтгүй дэлхий дээр оршин байдаг. Нэгэнт олон улс үндэстэн газар зүйн таатай орчинд байгаагаараа газрын тос, байгалийн хийг зарж борлуулдаг шиг бид усны нөөцөө ашиглан эдийн засагтай хувь нэмэр болох гэж байгаа улсуудыг зөвтгөж болох юм. Усыг үнэ цэнэтэй гүйлгээтэй бараа гэж үзэхгүй байх нь харин ч байгаль орчиныг хайрлах ухамсаргүй нийгмийг хайр гамгүй усны хэрэглээрүү хөтлөнө.


Биш.

Ус бол дэлхий дээр санаандгүй сохроор тохиолдох хамгийн амин чухал амьд оршиход зайлшгүй шаардлагатай байгалын баялагийн нэг юм. Иймээс усаар баян орнууд энэ давуу байдлаа ашиглан ашиг олох ёс суртахууны эрх тэдэнд байхгүй. Энэ гариг дээр байгаа бүх амьд амьтан энэ дэлхийн оршин суугчид урсаж байгаа усыг улс төрийн ямар ч хил хязгааргүйгээр ижил тэгш хүртэх устай байх эрхтэй.

Мөн.

Усны хяналт удирдлага, усжуулалтын систем, далан, ус хадгалах сан зэргийн ашиглалт зэрэгт зарцуулагдах маш их хэмжээний мөнгийг “голын өөд” улс өөрийн төсвөөс гаргах хэрэгтэй болдог. Энэ бүх зардал, дээрээс нь нэмээд ус хадгалах цөөрөм, далан зэргийг барьж байгуулсан үржил шимтэй газрын боломжит төлбөр зэргийг нэгэнт тухайн голын усны гол хэрэглэгчид нь “голын урсгал дагуу” улсын иргэд тул тэд гаргах хэрэгтэй юм. Жишээ нь: “голын өөд” байгаа улс хэзээ ч тухайн урсгалын эсрэг усан цахилгаан станц барьж хямд цахилгаан үйлдвэрлэж өөрсдийн зардлыг тэнцвэржүүлэх бололцоогүй зэрэг нь усны менежмент шударга бус байгааг харуулж байна.


Биш.

Усыг усны системийн ашиглалтаас илүүтэйгээр үнэлэх явдал нь ёс суртахуунгүй үзэгдэл юм. Ус бол зарим тохиолдолд л бараа гэж тооцогддог. Ус хадгалах сан багтаамжийнхаа хэмжээгээр усаа аваад сан дүүрэхэд чөлөөтэй даланг даван урсдаг. Тэгэхээр дүүрээд давж урсаж эхэлэхдээ ус маань бараа гэж тооцогдохгүй болж байгаа юм. Далан нь хэрэв нурвал “урсгал дагуу” улс усанд автаж ихээхэн хэмжээний хохирол учруулах боломжтойгоороо аюултай.

Мөн.

Усны нөөц нь тэнцвэргүй хувиарлагдсан байдаг. Тэнцвэргүй хувиарлалт, үрэлгэн хэрэглээ зэрэг нь “Усаа худалдаж авах” гэсэн хандлагын танилцуулгыг зөвтгөж байна. “Урсгал дагуу” хагас цөлжсөн үржил шимгүй газрыг усжуулснаас “урсгал өөд” улс нь усаа илүү үр нөлөөтэй хэрэглэсэн нь шударга гэж үү?

Биш.

Усны хомсдол, ган гачигт нэрвэгдэх зэргээс шалтгаалан улс үндэстэн усны нөөцөө хянах байдалд хүрч болох юм. Гэвч усыг “БАРАА” мэт үзэх нь ирээдүйд олон зөрчилдөөн үүсгэх шалтгаан болох боломжтой тул аль болох энэ байдлаас зайласхийх хэрэгтэй.

Wednesday, July 1, 2009

Эмэгтэй хүний тухай бодлууд

Жирийн нэгэн ажилын өдөр, ажил тараад дөнгөж гарч иртэл хажуу талын байрны үүдэнд гурван ч эрэгтэй хүн нэг эмэгтэйг зодож байгаа харагдав. Сандарсандаа би буцан ажлынхаа ахад болж байгаа явдлыг яриад туслахыг хүслээ. Биднийг тэдэн рүү ойртон очиход гурвуулаа нэг эмэгтэйг зодож байгаа биш, харин эмэгтэйн нөхөр согтуу ирэн эхнэрээ зодоход ах нар нь дүүг минь зодлоо гэж нөхрийг нь зоджээ. Гэтэл нөгөө хүүхэн дундуур нь ороод л өөрөө зодуулаад байгаа бололтой. Ажилын ах бид 2 сандарсандаа “Та нар болиоч, цагдаа дуудлаа” гэхэд нөгөө хүүхэн “тэгээрэй, цагдаа дуудаарай, хүн аллаа” гэв. Бид цагдаа руу залгаж байтал хоёр ах нь нөхрийг нь зодохоо болиод яваад өгөв. Гэтэл нөгөө согтуу нөхөр ах нарыг нь явав уу үгүй юу нөгөө хүүхнийг хэд хэд цохиод авав. Бид хоёр “чи битгий эмэгтэй хүн зодоод байгаач цагдаа дуудлаа шүү” гэтэл нөгөө хүүхэн битгий цагдаа дуудаач гуйж байна гэв. Бид хоёрыг цагдаа дуудах нь гэж айсан гэр бүлийн хоёр яаран орц руугаа оров. Тэр эмэгтэйд ах нар нь цагдаад очих хамаагүй ч харин нөхөр нь цагдаа дээр очих ёсгүй байсан бололтой. Яагаад зодуулаад л нөхөртэйгөө байгаад байгаагын учирыг би олсонгүй. Энэ явдал хэдэн өдөр санаанаас гарахгүй намайг зовоов. “Эмэгтэй хүн” энэ яг ямар хүн юм бэ, яаж амьдрах ёстой юм, эмэгтэй хүнийг ямар олон конвенци хөтөлбөр, төслүүдээр энэ бүхнээс хамгаалах гэж нэг хэсэг нь тэмцээд байхад “эмэгтэй хүн” чи яагаад ингээд амьдраад байнаа, юу нь өөрчилөгдөх хэрэгтэй вэ, гэж өөрийн эрхгүй бодогдов. Ингээд асуултууддаа хариулт олохоор гэрлүүгээ алхав.

Монгол улс 1924, 1940, 1960 онуудад батлан гаргасан Үндсэн хуулиудад эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг баталгаажуулсан ч олон ургальч үзлийг үл хүлээн зөвшөөрч байжээ. Харин 1992 оны Үндсэн хуульд хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд тохируулан иргэдийг үзэл бодол, хүйс, шашин шүтлэг, гэр бүлийн байдал зэрэг бусад зүйлээр үл ялгаварлан иргэний эрх, эрх чөлөөг гэр бүл, нийгмийн бүх хүрээнд эдлүүлэхээр зааж тунхаглажээ. Түүнчилэн Монгол улс “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай 1979 оны конвенци”-д 1981 онд нэгдэн оржээ. Энэ бүхнээс харвал Монгол улсын хувьд эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийн байдлыг албан ёсоор хангалттай баталгаажуулсан мэт боловч харамсалтай нь уламжлал, ёс заншил, соёлоор дамжин шийдвэр гаргагчид, олон нийт тэгш бус ханддаг бодит байдал байсаар байгаа нь тодорхой болов.

Хорин таван нас хүрээд хүнтэй суугаагүй байгаа эмэгтэй хүнийг ойр тойрных нь хэдэн хувь нь хүнтэй сууж хүүхэд гаргаач гэж сэтгэл зүйн дарамтанд оруулдаг гэж санана. Телевиз зар сурталчилгааны хэдэн хувь нь загварын охидуудаар сурталчилгаагаа хийгээд түүний улмаас залуу охидуудын хэдэн хувь нь ид өсөлтийн насан дээрээ туранхай л бол гоё гэж андууран эрүүл мэндээрээ хохирч, эсрэгээрээ тарган хүүхнүүд сэтгэл санааны дарамтанд орж мөн л турах гэж элдэв эм тан хэрэглэн мөн эрүүл мэндээрээ хохирч байна вэ? Хариулт нь хэдэн хувь гэдгийг судалсан судалгаа харамсалтай нь монголд алга.

Бизнетворк хэмээх монголын бизнесийн салбарт ажиллаж сурч бизнес эрхэлж буй хүмүүст зориулсан сайтад “эмэгтэй хүн ямар байвал дээр” талаар нэлээд хэдэн хэлэлцүүлгүүд ихэнхдээ залуу эмэгтэйчүүдийн дунд өрнөжээ. Гэтэл ахиад л нэгэн харамсалтай дүгнэлтэнд хүрэв. Тэдний үзэж байгаагаар эмэгтэй хүн нөхөртэй халамжтай, хүүхдүүддээ энэрэлтэй, тэгээд нөхөр ажилын амжилт хоёрынхоо алийг сонгох вэ гэвэл мэдээж нөхөр буюу эмэгтэй хүний амьдрал нөхөртөө зориулагдах хэрэгтэй гэдгийг ихэнх нь дэмжжээ. Энэ бүхнийг зохицуулж сурах нь бас эмэгтэй хүний ажил. Дүгнээд хэлвэл “Сураад завсараар нь хүүхдээ төрүүлж өсгөөд тэгэнгээ нөхрөө халамжлаад бас хэдэн ч хүүхэд гаргасан тарган болохгүй хагас өлсгөлөн байдлаар амьдраад, нөхөр чинь чамайг хуурсан ч уучилж өршөөж, эмэгтэй хүний зөөлөн ууч сэтгэл гаргаад, нөхрийгөө амжилттай амьдрах бүх талаар нь дэмжлэг болж амьдрах” ёстой гэнэ. Энэ бол эмэгтэй хүний үүрэг. Ингэж чадахгүй бол чи арчаагүй, доожоогүй эмэгтэй. Аль нэгнийх нь баланс алдагдахад хүртэл ахиад л “эмэгтэй хүн” чи л буруутай. Долоо хоногт гурван удаа шоудчихвал л бараг “барчин” “шоучин” нэр зүүчихнэ. Гарахгүй бол “зожиг” аргагүй нөхөрт гарахгүй байгаа нь гэж нийтээрээ ярилцана. Гадаад хүнтэй суучихвал янхан, жоохон өндөрхөн албан тушаалд хүрэхэд хүртэл хүмүүсийн эхний бодол хэзээ ч мэдлэг чадвараараа энэ хүн өндөрлөгт хүрлээ гэж бодохгүй. Ингэж бодож байтал их сургуульд болж байсан явдал санаанд оров.

Нэгэн нэлээд нэр хүндтэй багш маань бид нарт “эмэгтэй хүн ном эрдэм гэж байхаар өөрийгөө гоёж гоодоод, сайн нөхөртэй л болох хэрэгтэй, та нар залуу насаа дэмий үрж байна” гэж хэлж байж билээ. Гэтэл сургууль төгсөх баярын уулзалт дээр сургуулийн дэд захирал маань “эрэгтэй эмэгтэй хүмүүст хийх ёстой гурав гурван ажил байдаг.

Эр хүний хийх ёстой ажилууд гэвэл:

1. Байшин барих

2. Мод тарих

3. Ном бичих

Харин эмэгтэй хүнийх бол:

1. Нөхөрт гарах

2. Цэцэг тарих

3. Хүүхэд төрүүлэх” гэж хэлж байж билээ. МУИС-н хуулийн сургуулийг төгсөх хүртлээ хүндэлж 5 жилээ өнгөрөөсөн багш нар нь ийм зүйл хэлж байхад яалтай ч билээ гэж аргагүй бодогдож билээ.

Яахын аргагүй “Монгол эмэгтэй хүн” чи ямар өрөвдмөөр эсвэл азгүй вэ гэж бодогдов. Зодуулсан ч нөхөртэйгөө амьдраад байгаа хүүхнээс урган гарсан асуултуудынхаа хариултыг би олох шиг болов. Тэр бол “эмэгтэй хүмүүсийн талаархи нийтлэг бодол”. Дээр дурьдаж байсанчлан хичнээн Монгол улсын нэгдэн орсон “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай 1979 оны конвенци”-н 5-р зүйлийн а-д “Аль нэг хүйсийн дутуу эсвэл давуутайд үзэх буюу эрэгтэй эмэгтэйчүүдийн үүргийн талаар хэвшсэн үзэл санаанд дулдуйдсан атгаг сэжиг, ёс зуршил болон бусад бүх практикийг устгах зорилгоор эрэгтэй эмэгтэйчүүдийн зан төлөвийн хувьд нийгэм соёлын хэв ёсыг өөрчлөх” гэсэн заалт манай улсад бодит амьдрал дээр хэрэгжээгүй 30 жил болчихоод багаа нь илэрхий байв.

Бодлууд үргэлжилсээр... би юу хийх ёстой вэ? Харамсаад өрөвдөөд дуугуй өнгөрөх үү?, танидаг мэддэг бүх хүмүүст ингэж болохгүй гэж хэлэх үү? Хэлээд миний үгэнд итгэх үү? Яавал олонхин шиг залуу охидуудад өөр амьдрах, өөрийгөө хайрлах тухай ойлгуулах вэ?

Юуны өмнө “эмэгтэй хүн” гэдэг нийгэмд байсаар байгаа энэ буруу зураглалыг арилгах хэрэгтэй санагдав.

· Зурагтаар туранхай биш, эрүүл байх нь чухал гэдгийг зөв тайлбарласан реклам сурталчилгаа гаргая.

· Мэдлэг боловсролоороо өндөрлөгт гарсан байгаа залуу эмэгтэйчүүдийг сурталчилая.

· Гэр бүлийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүргүүдийг зөвөөр дүрслэн үзүүлэе.

· Хүүхдийн ном зохиол дээрх шулмас, мангас ихэнхдээ эмэгтэй хүний хөхтэй дүрслэгддэг сөрөг дүрүүдэд дүн шинжилгээ хийж зурганд нь хязгаарлалтуудыг тавия.

· Хөөрхөн сайхнаас илүүтэй ухаантай мэдлэг боловсролтой эмэгтэй хүн сайхан харагддаг талаар залуу охидуудад ойлголтыг багаас нь гэр бүлээр нь дамжуулан хэвшүүлэе.

· Олон эмэгтэйчүүдийг эрчүүдийн бий болгочихоод байгаа нийгэмд шийдвэр гаргах түвшинд гаргая, тэгэж байж өөр байдаг гэдгийг хүмүүст ойлгуулая, үзүүлэе.

Бодлууд үргэлжилсээр...

Хэрвээ тэр эмэгтэй эрэгтэй хүнд зодуулах гэж амьдраагүй гэдгээ ойлгодог байсан бол, зар сурталчилгаа, хэвлэл нийтлэл, кино зэрэгт туранхай л хүүхэн хөөрхөн гэж байнга үзүүлдэггүйсэн бол, хүний хэдтэйдээ хүнтэй сууж хүүхэд гаргах нь тухайн хүний өөрийн сонголтын асуудал гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрдөг байсан бол, багш нар маань эмэгтэй хүн байсан бол, Монгол улс нэгдэж орсон конвенцоо биелүүлэх тал дээр илүүхэн шиг зүйл хийсэн бол энэ бүхэн өөр байж болох байсан шиг санагдав.

Бодлууд үргэлжилсээр...